Ээждээ Зодуулж Зовж Байсан Лхагвамаа Охин Т.Ганди Сайдын Халамжийн Төвд Хүмүүжиж Байна
2012-02-08,22:40
2011 оны 4-р сард 6 настай бяцхан охиноо зодож тарчилган, авч зугтаасан тухай дуулиан дэгдээж байсан 28 настай Д.Дуламжавын хэргийг саяхан шүүхээр шийдсэн билээ.
Тэр 6 настай Лхагвамаа охиноо байнга төмөр, мод, сандлаар зодож, ханын унинаасаа дүүжлэх зэргээр тарчилгаж, хоёр гарыг нь хугалж байсныг хөршүүд нь цагдаад мэдээлснээр энэ хэрэг илэрсэн юм.
Хэрэг нь илэрмэгц Д.Дуламжав охиноо авч зугтан, Завхан руу хүнд өгч явуулсан хэмээн цагдаагийнхныг төөрөлдүүлж байх үеэр Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн сайд Т.Ганди Нийслэлийн цагдаагийн газрын хүүхдийн байцаагч нартай хамтран охиныг заавал олох үүргийг "Хүүхэд хамгааллын төв-ийнхөнд өгснөөр Лхагвамааг Яармагт байдаг айлаас олжээ. Өнгөрсөн дөрөвдүгээр сарын сүүлээр "Хүүхэд хамгааллын төв”-д ирснээс хойш охины толгойны шарх эдгэж, сэтгэл санааны дарамт багасан дөрвөн настай дүү Тэмүүжинтэйгээ хамт хүмүүжиж байгаа юм байна.
-Анх ирэхдээ их санаа алддаг байсан. Одоо бүүр сэргээд хөөрхөн байгаа. Саяхан ээжийнх нь шүүх хурал болох үеэр "Ээжтэйгээ уулзах уу?” гэхэд үгүй гэсэн.
Харин дүү нь л ээжийгээ санаад байдаг юм. Сурлагадаа их сайн. Ээж нь зодож, тамлаад сургууль завсардуулсан болохоор дахин нэгдүгээр ангид сурч байгаа. Уг нь хоёрдугаар ангид байх ёстой хүүхэд гэж Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн яамны харьяа "Хүүхэд хамгааллын төв”-ийн захирал Д.Лхагвабаяр ярьж байна.
Лхагвамаа одоо 97-р сургуулийн нэгдүгээр ангид сайн сурч байгаа юм байна. Охины хүмүүжиж байгаа тус төв нь Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд Т.Гандийн санаачлан хэрэгжүүлсэн "Гэртээ харих замд” төслийн дараа байгуулагдсан билээ.
Орон гэрээсээ дайжиж, тэнэж явсан 40 гаруй хүүхэд тэнд урлаг, соёлоор хүмүүжин морин хуурын чуулга байгуулж саяхан нэг жилийн ойгоороо Улсын филармонийн танхимд концерт тавихад Лхагваа охин хоор дуунд зогсон цовоо сэргэлэн дуулж байсан гэнэ.
Сэтгэлдээ гунигтай, тархи толгойдоо дүүрэн сорвитой, дагзандаа шархтай, хоёр гар нь хугараад муруй эдгэрсэн жаахан охиныг ээж нь танихгүй айлд нуучихаад байхад Т.Ганди сайд сэтгэл тавин эрж хайж олоогүй бол хувь заяа нь хаашаа эргэх байсныг хэн ч мэдэхгүй.