Д.Шүрэнцэцэг: Титэм авч чадаагүй ч, би энэ шагналаа чамлахгүй
2011-09-21,10:59

Miss Mongolia” холбоо, МҮОНТ-ээс хамтран зохион байгуулсан “Miss International-2011” тэмцээн өчигдөр Үндэсний циркт болсон билээ. Нийт 50 гаруй охидоос шалгарч үлдсэн 16 оролцогч реалити шоунд өрсөлдсөн бөгөөд титмийн эзнээ ийнхүү циркийн тайзнаа тодруулсан юм. Сар гаруй хугацаанд өрнөсөн уг тэмцээний шалгаруулалтад амжилттай оролцож, үзэгчдийн анхаарлыг өөрийн эрхгүй татаж байсан цөөн бүсгүй бий. Ялангуяа энэ үдэш титэм зүүсэн мисс И.Төгсөөтэй зүс царай, бие галбир болон загварын мэдлэг чадвараар эн тэнцүү өрсөлдөж байсан оролцогч бол МДХ-ны загвар өмсөгч Д.Шүрэнцэцэг. Түүнийг зарим үзэгч мисс болно гэдэгт нэлээд итгэлтэй байсан ч гоолиг бүсгүй маань энэ өдөр “Miss model” өргөмжлөл хүртэж, олон улсын моделиудтай өрсөлдөхөөр болсон юм. Ингээд түүнтэй уулзаж ярилцсанаа сонирхуулья.
-“Miss model” өргөмжлөлийн цаана олон улсын тэмцээн бий. Хэдийд, хаана зохиогдох вэ?
-Яг хаана, бас хэдийд зохиогдохыг нь сайн мэдэхгүй юм. “Top model of the World-2011” тэмцээнд эх орноо төлөөлж оролцох эрхтэй болсон. Бэлтгэлээ базааж, амжилтаа ахиулахын төлөө хичээх бодолтой байна.
-Мэдээж, оролцогч бүр титмийн төлөө тэмүүлэх нь тодорхой. Мисс болж чадаагүйдээ жаахан сэтгэл дундуур байгаа байх, тийм үү?
-Тийм ээ, энэ тэмцээнд тэргүүн мисс болохын төлөө оролцсон. Гэхдээ би энэ шагналаа чамлахгүй байна. Магадгүй, оролцогч бүрт тохирсон шагналыг нь өгсөн болов уу. “Top model of the World-2011” тэмцээнд эх орныхоо нэрийг өндөрт гаргаж, заавал юм дуулгана аа.
-Өмнө нь бас миссийн тэмцээнд оролцож байсан байх аа?
-“Miss Mongolia-2009” тэмцээнд оролцож “Miss global city” буюу тавдугаар байрын шагнал авч байсан. Олон улсын тэмцээнд хараахан оролцож амжаагүй явна. Энэ жил олон улсад нэр хүндтэй хоёр ч тэмцээнд оролцох байх.

-Хэдийнээс эхэлж загвар өмссөн бэ?
-Монголын дизайнеруудын холбооны гэрээт загвар өмсөгчөөр дөрвөн жил ажиллаж байна. Би загварын тал дээр илүү туршлагатай байсан учраас “Top model of the World-2011” тэмцээнд оролцох эрх өгсөн юм болов уу гэж бодсон.
-Загвар өмсөхийн хажуугаар өөр ямар нэгэн ажил хийдэг үү?
-ХУИС-ийг олон улсын харилцааны чиглэлээр сурч төгссөн. Магистрт сурч, мэдлэг боловсролоо дээшлүүлээд тун удахгүй мэргэжлээрээ ажиллах байх. Цаашид дипломатч хүн болно гэж боддог. Одоогоор МДХ-ны гэрээт загвар өмсөгчөөс өөр хийсэн ажил байхгүй.
-Миссийн тэмцээнд дахиж оролцох бодол бий юу?
-Яг бодсон юм алга. Магадгүй, боломж гарвал дахиж оролцох байх аа.